Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.03.11/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл гуравдугаар сарын 16-ны өдрийн 11:00-15:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хууль зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг дэмжиж байгаа иргэдээс санал авч гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдэв.
Энэ талаар тус зөвлөлийн гишүүдийн төлөөлөл хэлэхдээ "АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл юуны түрүүнд иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд нийгэмд тулгамдаад байгаа асуудал болох УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг дэмжиж, урилга гаргаж ирсэн. Бид энэ эрх зүйн зохицуулалтыг олон нийтийг төлөөлж дэмжиж байгаагийн хувьд цаашид өргөн хүрээний хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Түүнчлэн нийгэмд идэвхтэй байж, шүгэл үлээдэг иргэдийн төлөөллүүдтэй уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулна.
Төрд ажиллаж байгаа, биднийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүд маань төртэй тэрслэх боллоо. Үндсэн хуулиа зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцаж, улмаар сонгогчид иргэдтэйгээ тэрсэлж байна. Мөн хариуцсан ажлаа хийхгүй, парламентын чуулгандаа суухгүй төртэй тэрсэлж байна шүү дээ. Энэ зөвхөн 126 хувь хүний асуудал биш. Улмаар гадаад харилцаа, олон улсын нэр хүндэд нөлөөлж байна. Авлигын индекс буурсан нь ч үүнтэй холбоотой" гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!