МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 22 /RIA Novosti/. Тайванийн боксчин, Олимпын аварга Линь Юйтин хүйс тогтоох шинжилгээ өгснийхөө дараа Дэлхийн боксын холбооноос /World Boxing/ эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох зөвшөөрөл авсан тухай тус холбооны цахим хуудсанд мэдээлжээ.
Олон улсын боксын холбоо (IBA) Линь Юйтин болон Алжирын боксчин Иман Хелиф нарыг 2023 оны ДАШТ-ий үеэр хүйс тогтоох шинжилгээгээр шалгуур хангаагүй тул эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглосон хэдий ч Олон улсын олимпын хороо (ОУОХ) тэднийг 2024 оны Олимпын наадмын эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн нь томоохон маргаан дагуулж байв. Олимпын наадмаас тэд 66 кг, 57 кг-ийн жинд тус тус алтан медаль хүртсэн билээ. IBA тамирчдыг наадамд оролцуулсан асуудлаар Швейцарын ерөнхий прокурорт 2025 оны хоёрдугаар сард гомдол гаргажээ.
Дэлхийн боксын холбоо Линь Юйтинтэй холбоотой Тайванийн боксын холбооны хүсэлтийг хэлэлцэж, гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 10-ны хооронд Монгол Улсад болох Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байна.
“Дэлхийн боксын холбооны Эрүүл мэндийн хороо ирүүлсэн эмнэлгийн баримт бичгийг шалгасны үндсэн дээр уг тамирчин эмэгтэйчүүдийн ангилалд оролцох эрхтэй гэж үзэв” гэж тус холбооны мэдэгдэлд дурджээ.
2025 оны тавдугаар сард Дэлхийн боксын холбоо тамирчдыг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцоход тохиромжтой эсэхийг тогтоох үүднээс хүйс тогтоох шинжилгээг заавал өгөх журмыг хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдсэн байна. Тус холбоо тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, эрэгтэй, эмэгтэй тамирчдад ижил нөхцөл бүрдүүлэх шинэ бодлогын хүрээнд ийм шийдвэр гаргажээ.
Тухайн үед холбооноос Иман Хелиф эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохын тулд хүйсийн шинжилгээ өгөхгүй бол оролцуулахгүй гэж мэдэгдэж байсан бол Алжирын тамирчин Спортын Арбитрын шүүхэд /CAS/ Дэлхийн боксын холбооны шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!