Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна.
Марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэсэн. “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд нийт 46,306 хүн бүртгүүлжээ. Энэ удаагийн марафонд оролцогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарч, нийтийн биеийн тамир, гүйлтийн сонирхол нэмэгдсэнийг илтгэж байна.
Тэмцээн уламжлал ёсоор тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар хэд хэдэн зайд уралдах хуваарьтай. Үүнд бүтэн марафон 42,195 км, хагас марафон 21,095 км, Спорт гүйлт 10 км, Эрүүл мэндийн гүйлт 5 км, Гэр бүлийн гүйлт 1,5 км гэсэн ангиллууд багтжээ.
Оролцогчдын дунд дотоодын гүйгчдээс гадна гадаадын тамирчид, жуулчид бүртгүүлсэн нь арга хэмжээний цар хүрээг тэлж, олон улсын гүйлт болон өргөжиж байгаа юм.
Хотын төвийн авто замыг хэсэгчлэн хааж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангажээ.
“Улаанбаатар марафон” нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой нийслэлийн томоохон спортын арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!