АФИН, 2026 оны зургаадугаар сарын 23 /BTA/. Кайтбордын тамирчин Аяа Касабова даваа гарагт эмэгтэйчүүдийн "Big Air" төрлийн дэлхийн чансааны эхний гуравт багтсан анхны болгар тамирчин боллоо.
Грекийн Миконос аралд болсон "GKA Kite World Tour" дэлхийн цувралын "Big Air" төрлийн хоёр дахь Дэлхийн цомын тэмцээнээс 15 настай тамирчин охин мөнгөн медаль хүртсэн бөгөөд харин алтан медалийг Бразилын тамирчин Микаили Сол хүртжээ.
Тэмцээний дараах шинэчилсэн чансаагаар Болгарын залуу тамирчин 1370 оноотой болж, тэргүүлэгч М.Солоос 500, Германы Алесса София Меншээс 130 оноогоор дутуу байна.
"Big Air" нь кайтбордын хамгийн экстрим төрөл бөгөөд тамирчид хүчтэй салхийг ашиглан өндөрт үсэрч, агаарт эргэлт хийх, араараа эргэх зэрэг нарийн төвөгтэй үзүүлбэрүүдийг хослуулан гүйцэтгэдэг. Тамирчдын гүйцэтгэлийг үнэлэхдээ үсрэлтийн өндөр болон техникийн нарийн чадварыг шалгахаас гадна агаарт тэнцвэрээ олох, газардах зэргийг давхар харгалзан дүгнэдэг байна.
А.Касабова нь өсвөрийн охидын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төрлүүдэд дөрвөн удаа түрүүлж байсан бөгөөд анхны түрүүгээ 12 настайдаа хүртэж байжээ. Түүний дараагийн зорилго бол насанд хүрэгчдийн буюу эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэх юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Энх-Од

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!