Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотын “Сага” спортын ордонд “Nippon life cup-2026” нөхөрсөг тоглолт болж өндөрлөлөө.
Энэ хүрээнд Монгол, Японы шигшээ баг хоёр удаагийн нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм. Эхний тоглолтод Монголын шигшээ баг Японыг 67:65-аар талбайд нь хожиж шуугиан тарив. Ш.Энхийн-Од 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалтаар багаа манлайлсан бол Х.Оргил түүнд 16 оноогоор тусалжээ. Ингэснээр монголчууд Японы багийг анх удаа хожсон юм.
Тэгвэл өчигдөр болсон хоёр дахь тоглолтод манай баг 57:75-аар хожигдлоо. Гурван үеийн турш тэргүүлж явсан Монголын баг дөрөвдүгээр үед ердөө гуравхан оноо авсан нь хожигдолд нөлөөлөв. ФИБА-гийн чансааны 22 дугаарт эрэмбэлэгддэг, Ази тивийн шилдэг багуудын нэг Японы шигшээ багтай хийсэн хоёр тоглолтод Монголын баг хожил, хожигдолтой байсан нь чансааны 108 дугаарт эрэмбэтэй манай шигшээгийн хувьд чамгүй амжилт байлаа.
Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од Японы шигшээ багийн эсрэг хоёр тоглолтод 51 оноо авчээ. Эхний тоглолтод 33 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн. Харин өчигдөр 18 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт бүртгүүлэв. Хоёр тоглолтын нийлбэр 51 оноо, 24 самбар, 16 оновчтой дамжуулалт гэсэн статистик үзүүлсэн байна. Харин өчигдрийн тоглолтод Б.Барсболд 13 оноо, 6 самбар, Х.Оргил 12 оноо, 1 дамжуулалт, С.Ган-Эрдэнэ 2 оноо, 9 самбар, 4 хаалт гэсэн статистикийг үзүүллээ.
Монголын шигшээ баг энэ сарын 28-нд Улаанбаатар хотын “М Банк арена” болох 2029 оны ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Энэ хүрээнд Монголын шигшээ Таиланд, Вьетнам, Фижигийн багийг талбайдаа хүлээн авах юм.













Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!