БЭЭЖИН/ТАЙБЭЙ, 2026 оны есдүгээр сарын 24 /Reuters/. Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриаллаа гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Жян Бин мэдэгджээ.
Тэрбээр Вашингтонд пүрэв гарагт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын өмнө эл мэдэгдлийг хийж байна.
Жян Бин Бээжинд болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр мөн хэлэхдээ, АНУ, Хятадын цэргийн харилцааг эрүүл, тогтвортой, бат бөх, хөгжихүйц байлгах ёстой гэж мэдэгджээ.
“Тайванийн асуудал бол Хятад, АНУ-ын харилцааны хамгийн чухал асуудал бөгөөд Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь хоёр орны хамгийн гол нийтлэг асуудал гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй” хэмээн Жян хэлээд “АНУ-ын тал Тайванийн асуудалд туйлын болгоомжтой хандаасай гэж хүсэж байна” гэж нэмж дурдсан байна.
Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн оны 12 дугаар сард Тайваньд 11 тэрбум ам.долларын багц зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрсөн нь тус аралд нийлүүлэхээр баталсан зэвсгийн хамгийн том багц болсон юм. Харин 14 тэрбум ам.долларын өртөг бүхий хоёр дахь багц зэвсгийг хэдэн сарын турш хойшлуулаад байна.
Жян Бин дээрх мэдэгдлийг Тайванийн Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад АНУ-ын талд талархал илэрхийлж, дээд хэмжээний уулзалтын өмнө Вашингтонтой харилцаа холбоогоо хэвээр хадгалж байгаагаа мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа хийжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!