Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудад түр хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ.
Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Польшийн талтай албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Анджей Дуда 2015 онд Польшийн ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2020 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. Польш улсаас сүүлд 2013 онд ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.