Рио Тинто Монгол, “Оюутолгой” ХХК ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай “Уул уурхайн геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх төсөл”-ийг 2019-2025 онд хамтран хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд Геотехникийн оюутан, профессоруудад зориулсан Компьютерийн иж бүрэнлаборатори байгуулж Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд хүлээлгэж өглөө.
Уул уурхайн амин сүнс болсон геотехникийн салбарт хөрөнгө оруулж, тус лабораторийг нээснээр Геотехникийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд мэргэжлийн программ хангамж ашиглаж сургалт судалгаа хийх, ажлын байранд программ хангамж ашиглах бүрэн чадавхтай төгсөх, Багшлах боловсон хүчний сургалт, судалгааны ажлыг чанаржуулах, ажлын талбар дээрх программ хангамжийг ашиглан судалгааны ажлуудыг гүйцэтгэх боломж бүрдэж байна.
Тус лаборатори нь дэлхийн хамгийн дэвшилтэт уурхайнуудад нэвтэрсэн Roscience-ийн програм хангамж, судалгаа, шинжилгээний хэрэгслүүдийг ашиглан симулъяц хийх, дадлагажих боломжийг олгох юм. Тухайлбал, геологийн өгөгдөл дүрслэх “Dips”, налуулгийн тогтвортой байдлыг тооцоолох “Slide”, гадаргуйн геометр тэнцвэр тооцох “Swedge” зэрэг 17 мэргэжлийн лицензтэй программд мэргэших юм.
Үүнээс гадна талууд хамтарсан гэрээний дагуу 2025 оныг хүртэл уул уурхай, тэр дундаа гүний уурхайн үйл ажиллагаанд шаардагдах мэргэжилтнүүдийн ур чадварын хомсдол, үйлдвэрлэлд тулгараад байгаа бэрхшээлийг хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
Рио Тинто групп 150 жилийн турш уул уурхайн салбарт хуримтлуулсан мэдлэг туршлага, технологио Оюу толгой төслөөр дамжуулан Монголд нутагшуулж байна. Мөн ирээдүйн чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийг төрүүлэхэд ШУТИС-тай хамтарч буй нь Монголын боловсролын салбарт оруулж буй бодитой хувь нэмэр бөгөөд Монголд алсын хараатай хөрөнгө оруулах зорилтын илэрхийлэл юм.