Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойрхон, шуурхай үзүүлэх “ХУРДАН” төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганы хүрээнд ЦХХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” төвийн үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа.
Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрийн үйлчилгээг ХААНААС Ч ОЙРХОН хүргэх “ХУРДАН” төвийн тухай танилцууллаа. Хүн, хуулийн этгээдэд нийтдээ 440 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэх “ХУРДАН” төвийн 110 гаруй цэгийг нийслэл, орон нутагт байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр сумын иргэд заавал аймгийн төврүүгээ явж төрийн үйлчилгээг авах бус сумаасаа төрийн бүх төрлийн үйлчилгээг авдаг болно. Нийслэлийн иргэд заавал нэг цэгийн үйлчилгээний төвийг зорих бус гэрийнхээ гаднах киоск машинд иргэний үнэмлэхээ уншуулаад төрийн үйлчилгээг ХУРДАН, ШУУРХАЙ авч эхлэх юм.
Түүнчлэн хилийн чанадад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраас төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр ажиллах ХУРДАН төвийн цэгүүдийг энэ гуравдугаар сараас эхэлж нийслэл, орон нутагт үе шаттайгаар нээх юм.