ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /NHK/. Сүүлийн хоёр долоо хоногт Японы хойд нутагт их хэмжээний цас орсны улмаас зам хаагдаж, 40 орчим хүн амиа алдсан байна.
Их цасны улмаас мөн 400 орчим хүн гэмтэж бэртжээ. Амиа алдсан болон бэртэж гэмтсэн тохиолдлын ихэнх нь гэрийнхээ ойр тойрны цасыг цэвэрлэх гэж байгаад унасантай холбоотой байна. “Та бүхэн аюулгүй байдалдаа онцгой анхаарч, ялангуяа цас цэвэрлэх үедээ хамгаалалтын дуулга өмсөх эсвэл аюулгүйн олс ашиглаарай” хэмээн Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү иргэддээ хандан анхааруулжээ.
Байгалийн энэ үзэгдэл Японы 15 мужийг хамарч, хамгийн их хохирол амссан бүс нутгуудад цасны зузаан зарим газартаа 2 метрт хүрсэн байна. Сүүлийн өдрүүдэд Японы зарим бүс нутагт онцгой их хэмжээний цас орсон нь Арктикаас ирсэн хүйтэн агаарын урсгал Японы арлуудын дээгүүр тогтсонтой холбоотой ажээ. Энэ амралтын өдрүүдэд Японы хойд хэсгээр дахин их цас орох төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!