Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тав, есдүгээр сарын бямба, ням гаргуудыг “Тэрбум мод” тарих үндэсний өдөр болгон зарладаг. Энэ удаад дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбай, Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэн, Баянзүрх дүүргийн Экстрем спортын талбай, Налайх дүүргийн Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм. Өргөтгөсөн худалдаагаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээ, хөрс, бордоо, зарим төрлийн тоног төхөөрөмж борлуулж байна.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 2, 3-нд нийслэлийн есөн байршилд бүх нийтийн мод тарих өдрийг зохион байгуулахад 57 байгууллагын 1176 албан хаагч оролцон 13 мянга орчим мод бут, сөөг тарьжээ. Мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал бямба, ням гарагуудад үргэлжлэх юм.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хашаа байшин, барилгын ойр орчмоос гадна Баянгол дүүргийн Баянгол цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх дүүргийн Хар усан тохой буюу Мод үржүүлгийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн IGM, Налайх дүүргийн Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Инчон цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүргийн Түргэний цэцэрлэгт хүрээлэн, Айцын ам, Чингэлтэй дүүргийн Хойморь хайрхан гэсэн есөн байршилд мод бут, сөөг тарих боломжтой ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!