БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 13 /chinadaily/. Хятад, Монгол хоёр улсыг холбосон хоёр дахь хил дамнасан төмөр замын Хятадын талын хэсгийн бүтээн байгуулалт ням гарагт шийдвэрлэх үе шатандаа орж, хоёр орны худалдаа, тээврийн холболтыг өргөжүүлэх замыг нээлээ.
Төрийн өмчит "China Energy Investment Corp" (CHN Energy) компанийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хэрэгжиж буй уг төмөр зам нь стандарт болон өргөн царигийн аль алиныг нь хослуулсан дан замын бүтээцтэй юм. Замын нийт чиглэлийн дагуу нийт 760 ширхэг "Т" хэлбэрийн дам нурууг суурилуулна гэж тус компани мэдээлжээ.
2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн уг төсөл нь жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд энэ нь хоёр хөрш орны дэд бүтцийн харилцан холболтыг ихээхэн өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Гэсэн хэдий ч төмөр замын бүтээн байгуулалт нь инженерийн хувьд асар их сорилтуудыг дагуулж байна. Хатуу ширүүн уур амьсгалтай говийн бүс дэх төслийн талбайд шороон шуурга байнга шуурч, жилийн турш хүчтэй салхитай байдаг нь өндөрт өргөх ажил, дам нуруу суурилуулах ажилд маш хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж байна.
Аюулгүй ажиллагаа, чанарын стандартыг хангах үүднээс төслийн багийнхан арматур боловсруулах бүрэн автомат төхөөрөмж, татах, цементлэх дэвшилтэт төхөөрөмж, мөн асар том бетонон бүтээцүүдийг нарийвчлалтайгаар урьдчилан цутгах хөдөлгөөнт суурь бүхий гидравлик хажуугийн хэвний систем зэрэг олон төрлийн ухаалаг төхөөрөмж, шинэлэг техник, технологийг ашиглаж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн газар шороо, суурийн ажлын 26 орчим хувь нь хийгдэж, "Т" хэлбэрийн 268 дам нурууг урьдчилан цутгаад байна. Дам нуруу угсрах ажлыг энэ оны 10 дугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа нь энэхүү мега төслийг хуваарийн дагуу хэвийн үргэлжлүүлэх боломжийг олгож байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!