ВАРШАВ, 2026 оны зургаадугаар сарын 20 /Reuters/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэвсэгт хүчнийхээ нэгэн ангийг Дэлхийн хоёрдугаар дайны үед польш иргэдийг хоморголон устгаж байсан үндсэрхэг үзэлтнүүд болох Украины босогчдын армийн (УБА) нэрээр нэрлэж, олны дургүйцлийг төрүүлсний дараа Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцки түүнд төрийн дээд шагнал олгосон шийдвэрийг хүчингүй болгожээ.
"Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины Зэвсэгт хүчний нэг ангийг “УБА-ийн баатрууд” хэмээн нэрлэхийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгчид олгосон "Цагаан бүргэд" одонг хураан авах шийдвэрийг гаргалаа" гэж К.Навроцки мэдэгдсэн байна.
Польш нь Украиныг тууштай дэмжсээр байгаа хэдий ч дүрвэгсдийн асуудлаас үүдсэн бухимдал, үр тарианы импортын маргаан болон Дэлхийн II дайны үеийн хядлагын түүхэн маргаанаас үүдэн сүүлийн жилүүдэд Польшийн иргэдийн Украинд улам таагүй хандах болжээ.
Украины Гадаад хэргийн сайд Андрий Сибига энэхүү шийдвэрийг "стратегийн алдаа" хэмээн мэдэгдсэн байна.
УБА нь 1943-1945 онд болсон Волынийн хядлагад оролцож байсан бөгөөд Украины үндсэрхэг үзэлтнүүдийн гарт 100 мянга орчим иргэн нь амиа алдсан гэж Польшийн тал үздэг байна. Харин үүний хариу өшөө авалтын үеэр мөн олон мянган украин хүн амиа алджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Энх-Од

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!