Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан "King Tug" Нямбаярын Төгсцогт маань тун удахгүй рингэндээ дахин гарахаар боллоо.
Тэрбээр мэргэжлийн рингэнд 15 тулаан хийн 12 ялж (9КО) , нэг тэнцэн, хоёр ялагдсан амжилттай яваа билээ. Хамгийн сүүлд Төгсөө жил гаруйн өмнө, 2022 оны нэгдүгээр сарын 22-нд "Цөлийн шуурга" ( Desert Storm) хочит Намиби улсын боксчин Сакариа Лукастай 10 раунд тулалдан тэнцэж байсан билээ.
Харин Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Доминикан улсын тамирчин , 23 настай, 170 см өндөр "The Twist" хочит Луис Рейналдо Нунес ажээ. Нунес мэргэжлийн рингэнд 18 удаа тулаан хийж бүгдэд нь ялалт ( 13 КО) байгуулаад байгаа Доминиканы шилдэг залуу боксчин юм. Хоёр боксчин 57,2 кг жинд (126 паунд) тулалдана.
Тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон ( Лос Анжелесийн дагуул хот) хотын "Dignity Health Sports Park" цогцолборт 2023 оны 4 дүгээр сарын 8-нд болох юм.
"Кing Tug" яг энд хоёр жилийн өмнө WBA холбооны 58,9 кг-ийн жингийн ( 130 паунд) түр аваргын бүсийн төлөө АНУ-ын Крис Колберттой 12 раунд тулалдан шүүгчдийн саналаар ялагдаж байсан билээ.
Ц.Энхтүвшин Таван цагираг сонин